Хөнгөвчлөх эмчилгээний асрагч Бронни бүсгүй эдгэх найдваргүй, эцсийн шатандаа орсон өвчтөнүүдийг асарч байхдаа ухаарч ойлгосон зүйлсээ энэхүү номд бичжээ. Түүний ажигласнаар хүмүүс эцсийн мөчид амьдралаа эргэн хараад дараах таван зүйлд хамгийн их харамсдаг аж.
1. Бусдын санаанд нийцүүлж биш, өөрийнхөө хүссэнээр амьдрах минь яалаа… Энэ амьдрал таных, өөр хэнийх ч биш. Аз жаргалгүйгээ мэдсээр байж амьдралаа өөрчлөхөөс хойш суувал хувь заяаны хосгүй үнэт бэлэг болсон цаг хугацааг дэмий гарздаж буй хэрэг. Ялихгүй шийдвэр, өчүүхэн алхам ч томоохон өөрчлөлтийг эхлүүлж болно. Амьдралаа гартаа авах эхний алхмыг зориглон хийгээрэй. Ингэхдээ заавал байшингаа томруулах мэтээр ахуйн томоохон өөрчлөлт хийх шаардлагагүй. Харин амьдралыг харах өнцгөө өөрчилж, хүслээ биелүүлбэл аз жаргалтай болно. Таны зөвшөөрөлгүй хэн ч таны аз жаргалыг булааж чадахгүй, бас танд аз жаргал бэлэглэж чадахгүйг санаарай.
2. Юунд тэгтлээ их ажиллав даа… Мэргэн ухаан, амьдралын баялаг туршлагатай Чарли энгийн даруу амьдралын сайхныг үргэлж ярьдаг сан. Амьдралын үнэ цэнэ гэдэг танд юу байгаад биш, та хэн бэ гэдэгт оршдог. Хүмүүс үүнийг ихэвчлэн хорвоогоос явах хоног нь тулаад, хөрөнгө хогшил тэдэнд огт хэрэггүй болсон үед ухаардаг байна. Амьдралын аян өндөрлөх үед хүн эд баялаг, нийгмийн үнэлэмж бол ердөө хоосон зэрэглээ байсныг ойлгодог.Эцсийн мөчид хайртай дотны хүмүүстээ хэр их аз жаргал бэлэглэсэн, дуртай зүйлдээ хэр их цаг зарцуулсан нь л чухал байдаг. Харамсал тээсээр хорвоог орхиж буй хүмүүс үр хойчоо өөрийнх нь алдааг бүү давтаасай гэж хүсдэг. Би олон хүний амьсгал хураахыг харсан. Тэдний хэн нь ч үхэхдээ ийм тийм эд баялагтай байсан болоосой гэж харамсаагүй юм шүү. Бүх л хүн амьдралаа хэрхэн өнгөрүүлсэн, юу хийсэн, сайн сайхан зүйл юуг үлдээснээ эргэцүүлж байлаа.
3. Сэтгэлээ зориглон нээхгүй яав даа… Хүмүүс сэтгэлээ дэлгэж, өөрийгөө илэрхийлж сураагүй байх нь түгээмэл. Нөгөө ертөнц рүү явах цаг нь дөхсөн олон хүн үүнээс болж Жозеф шиг бухимдан харууссаныг дурсах хэрэгтэй. Жозеф гэрийнхэндээ өөрийгөө ойлгуулахыг хүссэн ч нэгэнт сураагүй тул эвээ олохгүй байсаар тэнгэрт хальсан даа. Амьдралынхаа туршид гэр бүлийнхэндээ өөрийгөө таниулж чадаагүйдээ тэр маш их шаналсан. Миний үйлчлүүлэгчид дунд гомдол шаналлаа дотроо тээж явсаар өвдсөн хүмүүс ч бас байсан.Аливааг сурахад дадлага чухал нөлөөтэй. Та зориглон өөрийгөө бага багаар нээж эхэлбэл яваандаа бусдад ам нээхэд амархан болно. Сүүлдээ бүр амтшаад, урамшаад ирдэг. Мэдээж бусад хүн таны үгийг яаж хүлээж авахыг та тохируулж удирдаж чадахгүй. Анхандаа хүмүүс таны илэн далангүй ярианаас цочих л байх. Тэгсэн ч эцсийн дүндээ нээлттэй байдал аливаа харилцааг эрүүл болгож, шинэ түвшинд гаргадаг жамтай. Эсвэл тухайн харилцаа эрүүл бус байсан бол нээлттэй байдлыг тэсэж чадалгүй нуран унах болно. Энэ нь ч танд хэрэгтэй.
4. Найзуудтайгаа холбоотой байх минь яалаа… Элизабет олон жил архинд донтсоны эцэст үхлийн ирмэгт ирээд найз нарынхаа ууч сэтгэлийн ачаар дотоод амар амгаланг олжээ. Эцсийн дүндээ амьдралд сайхан харилцаа, хайр хамгаас чухал юм. Харамсалтай нь зарим үйлчлүүлэгч минь хичнээн хүсээд ч найз нараа олж холбогдож чадалгүй өнгөрсөн. Тиймээс найзуудаасаа анхнаасаа холбоо тасрахгүйг хичээ. Маргааш биднийг юу хүлээж байгааг, найз нөхөд чинь танд хэдийд хэрэг болохыг хэн ч мэдэхгүй тул тэдэнтэйгээ үргэлж холбоотой бай.
5. Аз жаргалтай байхыг өөртөө зөвшөөрдөг байж дээ… Аз жаргалд хүрэх нэг түлхүүр нь үр дүнгээс гадна үйл явцад сэтгэл хангалуун байх явдал юм. Кэйт ажлын үр дүнд л анхаараад одоо цагт амьдрахын баяр жаргалыг мэдрээгүйдээ харамссан. Хэзээ нэгэн цагт бүх зүйл тэгшрэхээр аз жаргал ирнэ гэж хүмүүс боддог. Гэтэл харин ч эсрэгээрээ хүн өөрөө жаргалтай байвал бүх зүйл эвээ олдог ажээ.Үргэлжийн аз жаргал гээч байж боломгүй зүйл мэт санагдах ч хүн үүнд хүрэхийн төлөө хичээх нь зөв юм. Гуниг зовлонтой үед ч бидний эргэн тойронд сэтгэл баясгах ямар нэг зүйл заавал байдгийг ойлгох нь үүнд хүрэх нэг алхам болно. Оюун санаагаа захирч сураагүй хүн элдэв зүйл бодож өөрийгөө зовоодог. Эсрэгээр оюун бодлоо зөв удирдаж, ашиглаж сурсан хүн жаргалтай сайхан амьдралыг цогцлоодог. Хорвоод зовж үзээгүй хүн нэг ч үгүй. Хүн бүрийн амьдралд сэтгэлээр унаж, гутрах ямар нэг шалтаг шалтгаан бүрддэг. Тэглээ гээд амьдрал хэнд ч ямар ч өргүй юм. Хүн өөрөө л аз жаргалыг бүтээж, сайхан амьдрах учиртай.
(“Үхлийн ирмэг дэх таван харамсал” номын хэсгээс)