Иогийн чадвараа сайжруулах зорилгоор “Намасте” иогийн сургуулийн багшийн сургалтад элсэн орж, хоёр сарын турш суралцаж төгслөө. Энэхүү сургалтаар сурсан мэдлэг, мэдэрсэн туршлагаасаа та бүхэнтэй хуваалцах үүднээс шалгалтын асуултаар бичсэн товч бичвэрээ багшийнхаа зөвшөөрөлтэй нийтэлж байна.
Асуулт: 200 цагийн сургалтаар юу сурсан бэ?
200 цагийн сургалтаар иогийн суурь мэдлэг, асанагийн техникээ сайжрууллаа. Өдөр тутамдаа зөв тэнцвэртэй зогсохыг хичээж, биеэ илүү сайн сонсдог, мэдэрдэг болсон. Мөн бие сэтгэлийнхээ уялдааг илүү анзаардаг болж, иогийн мэдлэгийн үүднээс өөрт юу болоод байгаагаа зарим талаар тайлбарлаж сурсан ба тухайлбал доша, чакраны үүднээс авч үзэхэд олон зүйл илүү тодорхой, ойлгомжтой болж ирсэн. Биеийн өвчин, сэтгэлийн өвчин, эрч хүч, оюун санаа, хоол болон орчны надад үзүүлдэг нөлөө, амьдралын түүх намтар, дотоод тэмүүлэл, явах суух дадсан байрлал зэргээ хоорондоо яаж холбогдож буйг нь ойлгож эхэлсэн ба ингэснээр биеэ илүү мэдэрдэг, зүрхээ илүү сонсдог болсон.
Сэтгэлийн савлагааг бага зэрэг анзаарч барьж авдаг болсон. Иогийн философийн талаар уншдаг ч бодит амьдралд хэрэгжүүлье гэж боддоггүй байсан бол хэрэгжүүлэх сэдэл, үнэмшил төрж эхэлсэн. Мөн бие бялдрын хувьд бодолдоо байсан хил заагуудыг давж, цаашид зөв техникээр хийвэл олон зүйл боломжтой болохыг олж харлаа.
Бясалгалын зарим аргууд, пранаяамаг мөн хийж үзээд үйлчлэлийг нь мэдрэх маш сонирхолтой байлаа. Мантраг өмнө нь учрыг нь сайн мэдэлгүй сонсдог байсан бол одоо илүү ойлголттой, итгэлтэй болж, өөрөө дуулж хүртэл үзсэн. Асанаг техниктэй, техникгүй хийхийн ялгааг бодит туршлагаар мэдэрсэн. Техниктэй, төсөөлөлтэй, дотроосоо хийх нь зүгээр нэг хэлбэр дүрсэд орж зогсохоос тэс өөр гэдгийг өөрийнхөө түвшинд ойлгож мэдэрлээ.
Асуулт: Виняаса гэж юу вэ?
Мати Эзрати, Чак Миллер хоёр “Иога Воркс” сургуулиа нээж байх үед баруунд иогийн сургууль, студиуд аштанга, айенгар гэх мэт иогийн чиглэлүүдийг тус тусад нь зааж байв. Хоёр багш эдгээр төрлүүдийг хооронд нь уялдуулж, нэгтгэж өөрсдийн шинэ аргыг хөгжүүлжээ. Тэрхүү арга нь иогийн дэлхий дахины хөгжилд өргөн хүрээнд нөлөөлж, орчин цагийн иогийн төлөвшилд шингэсэн байна.
Тэд уламжлалт аштанга виняаса иогийг техниктэй, туслах хэрэгсэлтэй, хувь хүний нөхцөл байдалд тохирсон байдлаар өөрчилж заасан нь салбартаа анхдагч байв. Түүнчлэн энэ нь виняасагийн алхам алхмаар урагшлах хандлагад илүү нийцтэй байжээ.
Уламжлалт аштанга виняаса нь суралцагчийн нас, бие, эрүүл мэндийн онцлогоос бараг үл шалтгаалан, асанагийн сонгодог дарааллаа ямагт баримталдаг бол виняаса иогт тухайн нөхцөл байдал, суралцагчийн түвшин, эрүүл мэндийн онцлог зэргээс хамаарч хичээлийн олон талбарыг өөрчилж болдог. Тухайлбал аштангад бандха, дришти (нүдний харц) дээр тогтсон уламжлалаа баримталдаг бол, виняасад хөлийн нумаас эхлэн, хүндийн хүчнээс өөрийгөө татаж авахыг илүү голчилж, мөн орчин үед амьдралын хэв маягаас үүдэн хүмүүсийн хүзүү толгой урагш бөгтийсөн, шохойжилт үүссэн зэрэг асуудал түгээмэл болсныг харгалзан харцыг аль болох өөрт эвтэйхнээр байрлуулж, толгойн оройноос багана нурууг сунгаж асана хийх нь илүү ашиг тустай гэж үздэг.
“Иога журнал” порталын нийтлэлд бичсэнээр орчин цагийн иогийн эцэг гэгдэх Кришнамачаряа багш амьдралынхаа туршид иог заах арга, хэлбэрээ цаг үе, орчин нөхцөл, суралцагчдадаа тохируулан өөрчилж, хөгжүүлж ирсэн тухай өгүүлээд ийнхүү хөгжиж хувьсах нь иогийн олон мянган жилийн уламжлалаас гажсан биш, харин ч жинхэнэ уламжлал мөн хэмээн дүгнэжээ. Тэрхүү хөгжил хувьслын нэгэн гол урсгал нь орчин цагийн виняаса юм.
[1] https://www.yogajournal.com/yoga-101/krishnamacharya-s-legacy/
Б.Өлзийсайхан