Йелийн их сургуульд 1961-1962 онд сэтгэл судлалын нэгэн цуврал туршилт явагдсан юм. Сайн дурын оролцогч нарт бага хэмжээний хөлсөөр “ой санамж ба суралцах арга барилын судалгаа”-нд хамрагдах хүсэлт тавьжээ. Судалгааны ажилтан гэх цагаан халат өмссөн хүн туршилтад оролцогчдыг хоёр хоёроор нь хуваарилаад, хэн нь “багш” хэн нь “сурагч” болохыг оноож өгнө. Сурагчийн дүрд оногдсон хүнийг сандал дээр хүлэх ба тэрээр өгөгдсөн холбоо үгсийн жагсаалтыг цээжлэх юм. Харин багшийн дүрд оногдсон хүн сурагч холбоо үгсээ цээжлээгүй байвал цахилгааны гүйдлээр бага зэрэг цочроох үүрэгтэй. Сурагч алдаж хэлэх бүрт цахилгааны хүчдэл нэмэгдэнэ. Хүчдэл нэмэгдсээр сурагч анх багахан ёолж байснаа сүүлдээ орилон хашхирахдаа тулсан ч багш тэрийг нь харж суух ёстой.
Үнэндээ тэдний дарах товчлуураас сандал руу ямар ч цахилгааны хүчдэл гүйхгүй байгааг, бас судалгаанд оролцож буй “сурагч” бол цахилгаанд цохиулан өвдөж буй дүр эсгэх мэргэжлийн жүжигчид гэдгийг багш нар мэдээгүй юм. Туршилтын гол бай нь сурагч биш харин цахилгаан гүйдлийн товчлуур дарж буй багшийн хариу үйлдэл байлаа. Тэд өөрийгөө хамгаалж чадахгүй нөхцөлд байгаа хүнийг улам ихээр өвтгөж буйдаа яаж хандах бол?
“Эрх мэдлийг дагахуй: Туршилтын үр дүн” номд өгүүлсэн энэ туршилт бол сэтгэл судлалын салбарын хамгийн алдартай туршилтуудын нэг. Одоо туршилтын явцад юу болсон, үр дүн нь яагаад тийм чухал байсныг сонирхъё. Гитлерийн засаг захиргаанд 6 сая еврейг устгах ажлыг инженерчлэх үүрэгтэй ажилласан Адольф Эйхманы түүхээс Милгрэм судалгааны санаагаа олжээ.
“Хийн зуухнууд барьж, үхлийн лагерьд хамгаалалт гаргаад, өдөр бүр тэдэнд цахилгаан барааны үйлдвэрийн норм шиг цогцос гаргах тоог зааж өгдөг байлаа. Энэ харгис бодлогыг ганц хүн сэдсэн байж болох ч, олон хүн тушаал дагаагүй сэн бол ингэтлээ өргөн хүрээнд хэрэгжихгүй байсан.”
Хүлээлт ба бодит байдал
Ихэнх хүмүүс энэ тухай сонсоод сурагч үнэхээр өвдөөд хэцүүдэж эхэлмэгц туршилтыг зогсоочих байх гэж боддог. Энэ чинь зүгээр л нэг туршилт шүү дээ. Милгрэм туршилт хийхээсээ өмнө хэсэг хүнээс асуулга авч, судалгааны оролцогчид ийм нөхцөлд хэрхэх талаар таамаглахыг хүсжээ. Бараг бүгд л сурагч “Больё” гэж хэлбэл багш нь тогоор цохихоо зогсооно биз гэж хариулсан байв. Милгрэм өөрөө ч тэгж л бодсон. Гэтэл үнэндээ яасан гээч?
Багш болж буй ихэнх хүмүүс туршилтаас болж маш их стресст ороод, сандалд хүлээтэй хүнийг ингэтэл өвтгөх ёсгүй гэж эсэргүүцжээ. Логикоор бодоход тэд дараагийн алхамд даруйхан туршилтыг зогсоохыг шаардах биз. Гэтэл үнэндээ тэгсэн тохиолдол маш цөөн гарчээ.
Тэд дургүйлхсэн хэр нь л судлаачийн үгийг дагаж, цахилгааны хүчдэлийг нэмсээр байв. “Тэдний нэлээд хэсэг нь хүчдэлийг дээд хэмжээнд тултал өсгөсөн” гэж Милгрэм тэмдэглэжээ. Бүр сурагч нь байдгаараа бархирч, туршилтыг зогсоохыг гуйж байхад багш нар хүчдэлийг нэмсээр байлаа.
“Ямар ч дайсагнах сэтгэлгүй, ажлаа хийж яваа эгэл нэгэн хүртэл аймшигт хорлонтой үйлдлийн гар хөл болж болно.”
Милгрэмийн удирдсан энэ туршилт олон жил маргаан дагуулж байна. Хүмүүс эрүүл ухаантай хүн тийм зан гаргана гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй. Эрдэмтэд Милгрэмийг судалгаандаа арга зүйн алдаа гаргасан байх гэсэн ч дэлхий даяар хийгдсэн давтан судалгаанууд мөн л адил үр дүн харуулжээ. Милгрэмийн хэлснээр энэ үр дүнгүүд хүмүүсийг цочирдуулж байлаа. Бүр итгэж ядахдаа хүмүүс судалгаанд оролцогчдыг садист зантай ад чөтгөрүүд байсан биз гэж итгэхийг хүсдэг. Гэтэл судалгааны түүврийг нийгмийн олон давхарга, өөр өөр мэргэжлийн төлөөллөөс бүрдүүлсэн ба тэд зүгээр л онцгой нөхцөлд орсон энгийн хүмүүс байлаа.
"Эрх мэдлийг дагахуй" номоо судлаач Стэнли Милгрем 1974 онд хэвлүүлжээ. Уг номын товч агуулга болон сэтгэл судлалын бусад олон сонгодог бүтээлийн үндсэн санааг "Сэтгэл судлалын сонгодог 50 бүтээл" номын 2-р дэвтрээс уншаарай.