Энэтхэгийн нөлөө бүхий 50 хүний нэгээр нэрлэгдсэн Садгүрү нь иогч, мистик, алсын хараатай сэтгэгч юм. Тэрээр Энэтхэгийн ерөнхийлөгчийн нэрэмжит гурван шагналыг хүртсэн бөгөөд эдгээрээс нэгийг нь байгаль орчны төлөөх үйлсээрээ, харин иргэний хамгийн дээд шагналыг нийгмийн төлөөх онцгой дээд үйл хэргээрээ тус тус хүртэж байв.
Садгүрү нь олон улсад хэдийн танигдсан үзэл санааны манлайлагч, илтгэгч билээ. Тэрээр НҮБ, Дэлхийн эдийн засгийн форум, Дэлхийн банк, Английн Лордуудын танхим, TED арга хэмжээ, түүнчлэн Microsoft, Google компаниудын төв захиргаанд илтгэл тавьж байв. Түүнчлэн Оксфорд, Стэнфорд, Харвард, Иэл, Уортон, Массачусетсийн Технологийн Институт зэрэг боловсролын тэргүүлэх байгууллагуудад уригдан илтгэл тавьж байлаа.
Садгүрү олон жилийн турш экологийн томоохон төслүүдийг санаачлан хэрэгжүүлсэн. “Гол мөрнүүдийн төлөөх ралли”, “Каверигийн дуудлага” зэрэг хөдөлгөөн нь хөрс, ус, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал, Энэтхэгийн гол мөрнийг нөхөн сэргээх тулгамдсан хэрэгцээ шаардлагад чиглэж байв. Өргөн хүрээг хамарсан, өндөр үр нөлөөтэй эдгээр санаачилга нь дэлхий даяар танигдаж, экологийн тогтвортой байдлыг хангасан эдийн засгийн хөгжлийн глобал жишиг загвар болж, томоохон эргэлт авчирчээ. Садгүрү НҮБ-ын хүрээлэн буй орчны хөтөлбөр, Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенц, Олон улсын байгаль хамгаалах холбоо зэрэг олон глобал байгууллагад урилгаар зочилж, дэлхийн экологийн асуудлуудыг шийдэх олон улсын хэмжээний шийдлийг хамтран хэлэлцэж байв.
Садгүрү архитектур, дүрслэлийн дизайн, яруу найраг, уран зураг, спорт, хөгжим, нисэх онгоц, мотоцикл зэрэг олон талбарт идэвхтэй байж, үүгээрээ амьдралыг бахдан тэмдэглэдэг билээ.
Садгүрүгийн гучин жилийн өмнө үүсгэн байгуулсан ашгийн бус байгууллага болох Иша сан нь хүний сайн сайхан оршихуйн төлөөх итгэл үнэмшлээр хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж байна. Тус сан хүний дотоод хувьсал өөрчлөлтөд зориулсан иогийн гайхалтай хөтөлбөрүүдийг болон хөдөө нутгийн хүн амын амьдралын түвшнийг дээшлүүлэх цоо шинэ хэлбэрийн төслүүдийг санаачилсан юм. Иша сан дэлхий даяарх 300 гаруй төвдөө 11 сая гаруй сайн дурын ажилтны дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.